Бусаддаа амьдрал бэлэглэе !!! Уриан дор 2023 оны 09 дүгээр сарын 6,7-ны өдрүүдэд Орхон аймгийн Онцгой байдлын алба хаагчид Цусны төв дээр сайн дураараа цусаа бэлэглэх үйл ажиллагаанд нэгдэж үеийн залуусыг энэхүү сайн үйлсэд нэгдэхийг уриалж байна.
Цусаа бэлэглэхийн ач тус: Та цусаа өгч байна уу үгүй юу гэдгээс үл хамааран таны цус задарч дахин нийлэгжиж байдаг. Биеийн жингээс хамаарч нэг кг тутамд байх цусны 8 мл-ийг л бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахаар өгч болно. Дунджаар 60 кг жинтэй эрэгтэй хүн 4.5 л цустай, үүнээс 350-400 мл цусыг л /таны биеийн нийт цусны 8 орчим хувь/ бусдын төлөө зориулж гурван хүний амьдралд гэрэл гэгээ бэлэглэнэ.Цусаа бэлэглэснээр бусдад амьдрал бэлэглээд зогсохгүй та өөртөө амьдрал бэлэглэж байгаа хэрэг юм. Цус бэлэглэсний дараа хэдхэн цагийн дотор таны цусны эзэлхүүн хэвийн байдалдаа орж та өдөр тутмын хийдэг ажлаа хийхэд ямар нэг нөлөө байдаггүй. Цусаа бэлэглэсэн донорын цус идэвхтэй төлжин цусны урсгалд шинэ эсүүд орж ирнэ, бодисын солилцоо идэвхжинэ. Цус шингэрч зүрхэнд очих ачаалал багасах зэрэг олон талын ач холбогдолтой бөгөөд таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.