Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор сэрүүсч 11-16 градус, Орхон-Сэлэнгэ, Туул голын сав газар болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, зүүн аймгуудын нутгийн баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 29-31 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд төвийн аймгуудын ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи 15-нд говь талын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 15-нд нутгийн зүүн хагаст халах боловч цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүсийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд 6х10 метрийн хэмжээтэй байшингийн хана, шал, таазны хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 06.13-ны өдрийн 10:34 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 3 км зам туулан 10:39 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрны эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 06.13-ны өдрийн 18:19 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 4 км зам туулан 18:24 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн “Бөхөнгө” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 22:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 26 км зам туулан 22:40 цагт очиж, 01:30 минут ажиллаж унтраасан. Нэмэлт дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 2 алба хаагч 1 автомашинтайгаар ажилласан.

3. Зам, тээврийн осол:

Автозамын осол: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын суудлын автомашин мөргөлдөж хүн гэмтсэн байна гэсэн дуудлагыг 06.14-ний өдрийн 00:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 2 автомашинтайгаар 86 км зам туулан 02:04 цагт очиход Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Тариалан сумын чиглэлд Б-гийн жолоодож явсан “Приус-10” загварын суудлын автомашин, /3 зорчигчтой/ Дундговь аймгаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд Ж-гийн жолоодож явсан “Пассо сит” загварын суудлын автомашинтай /7 зорчигчтой/ мөргөлдөж Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат  иргэн Н /60 настай, эмэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуудагдсан байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багт иргэн Х /50 настай, эрэгтэй/ 06.11-ний өдрийн 06:00 цагийн орчим гэрээсээ  гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.12-ны өдрийн 17:56 цагт /18:32 цагт/ хүлээн авсан. Х-гийн өмсөж явсан хувцас Ховд голын эргээс /аймгийн төвөөс зүүн зүгт 3,5 км-т/ олдсон. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч, ар гэрийн 20 иргэн, нийт 25 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 06:13-ны өдрийн байдлаар “Найрамдал-Уул”-аас, “Хар-Үзүүр” гэдэг газарт 20 км-т завиар урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:10 цагт зогсоосон. 06.14-ний өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд иргэн Н /28 настай, эмэгтэй/ махны машинд  хуруугаа хавчуулсан тухай дуудлагыг 06.13-ны өдрийн 15:07 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар 14 км зам туулан 15:26 цагт очиж, анхны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top