Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгуудын зарим газраар бороо орсон.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 26, 27-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи 26, 27-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 26-27-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсч, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 27-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багийн 6 дугаар гудамжинд иргэн Э-ын эзэмшлийн “Бонго” загварын автомашин, аргал шатаж байна гэсэн дуудлагыг 08.24-ний өдрийн 10:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 10:14 цагт очиж, 22 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн “Эхэн бригад” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун урд зүгт 120 км, Зэрэг  сумын төвөөс урд зүгт 18 км/ иргэн С-ын 6 машин өвс шатаж байна гэсэн дуудлагыг 08.24-ний өдрийн 20:30 цагт хүлээн авсан. Тус ум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн 15 алба хаагч, 1 автомашинтай 18 км замыг туулан 21:00 цагт очиж, 60 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт байрлах “Олон улсын худалдааны төв”-ийн нэгдүгээр давхарт байрлах хүнсний тасгийн 11-18А дугаар лангуунд хөргөгч шатаж байна гэсэн дуудлагыг 08.24-ний өдрийн 22:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 22:17 цагт очиж, 19 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top