“ЦЭРГИЙН АЛДАР” АЛТАН МЕДАЛЬТ АВРАХ, ГАЛ

 УНТРААХ 56 ДУГААР АНГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Эрдэнэт хотын ММС барилгын удирдах газрын  гэрээт Гал команд нэртэйгээр 1976 оны 06 сард 43 нэгжтэйгээр одоогийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт анх байгуулагдсан.

     Улмаар Гал унтраах I зэргийн анги болж бүтэц орон тоо, машин техникийн хүчин чадал улам бэхэжсээр байна. Түүхэн хугацаанд гал унтраах ангийн алба хаагчдаас 27 удирдах боловсон хүчин офицер төрсөн.

     Өнгөрсөн хугацаанд гал түймрийн аюулаас 66 иргэний амь насыг авран хамгаалж Гал түймэртэй тэмцэх байгууллагын дээд шагнал “Онц гал сөнөөгч” тэмдгээр 11 алба хаагч, Цэргийн гавъяаны одонгоор 2 алба хаагч тус тус шагнагдсан байна.

    Аврах, Гал унтраах анги нь сүүлийн жилүүдэд аймаг өргөжин тэлж, үйлдвэр дэд бүтэц хөгжихийн хэрээр гал түймэр, гамшгийн аюул занал улам ихэссээр жилдээ дунджаар 60-70 хүртэлх дуудлагаар гарч ажиллаж, улс эх орон ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж байна.     

     Анги үүсэн байгуулагдсан цагаасаа   Монголын үндэсний олимпийн хорооны дэргэдэх дэлхий нийтэд түгсэн галын байгууллагын  мэргэжлийн тэмцээн Гал унтраах техникийн олон төрөлт спортод алба хаагчдаа тогтмол бэлдэн оролцон гаргасан амжилтаас дурьдвал: 

  • Улсын аварга шалгаруулах ГУТОТСпортын тэмцээнээс 4-н удаа  1-р  байр, 2 удаа 2-р байр, 1 удаа 3-р байр
  • Хойд бүсийн аварга шалгаруулах ГУТОТСпортын тэмцээнээс 8-н удаа  1-р  байр, 2 удаа 3-р байр, Ази , Дэлхийн аварга, олон улсын тэмцээнүүдэд 1983 онд Унгар улсын Будапешт хот, 2001 онд ОХУ-ын Байгалийн тойргийн цом,  2002 оны 4-р сард ОХУ-ын Красноярск хотод   Зеленогорск хот төв азийн цом, 2002 оны 9-р сард ОХУ-ын Москва хотод дэлхийн аварга, 2004 онд Белорус улсын Минск хотод дэлхийн аваргад оролцож багаараа 3-р байр 2013 оны Солонгос Улсад зохион байгуулагдсан 9 дэхь удаагийн дэлхийн аварга, 2017 оны Казахстан Улс Алмату хотод зохион байгуулагдсан 10 дахь удаагийн дэлхийн аварга, 2015 оны Орос Улс Санкт петербурга хотод зохиогдсон 11 дэхь дэлхийн аварга,  2017 оны Турк Улсын Измир хотод зохион байгуулагдсан 13 дэхь удаагийн дэлхийн аварга, 2018 оны Чех Улсад зохион байгуулагдсан 14 дэхь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус тус оролцож байсан.

    Тус ангиас олон улсын хэмжээний мастер 2, Гал унтраах техникийн олон төрөлт спортын мастер 6, үндэсний бөхөөр улсын начин 1, аймгийн арслан 2, сумын заан  6, хөл бөмбөгийн спортын мастер 1, усан спортын  мастер 1,  хөнгөн атлетикийн спортын мастер 2, марафон гүйлтийн төрөлд спортын мастер 1, самбо жудо бөхийн спортын мастер  4,   нийт Монгол Улсын спортын мастер 14, дэд мастер 10 төрөн  гараад байна.

      Орхон Аймгийн Засаг даргын нэрэмжит Цэргийн хүрээний марш-тактикийн тэмцээнээс Аврах, Гал унтраах ангийн баг тамирчид:

  • 2005 онд 3-р байр “Хүрэл медаль”
  • 2007 онд 3-р байр  “Хүрэл медаль”
  • 2008 онд 2-р байр “Мөнгөн медаль”
  • 2010 онд 1-р байр “Алтан медаль”
  • 2011 онд  2 баг оролцож, 1, 2-р байр “Алт, Мөнгөн медаль”
  • 2012 онд 2 баг оролцож 1, 2-р байр “Алт, Мөнгөн медаль” Шилжин явах цомыг үүрд хадгалан нийт  3 алт,  3 мөнгө, 2 хүрэл  медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.

БАЯН-ӨНДӨР СУМ ДАХЬ ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ II ЗЭРЭГЛЭЛИЙН 81 ДҮГЭЭР АНГИ

Орхон аймагт Онцгой байдлын алба нь Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1976 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 399 тоот тушаалаар “Меди молибдень строй”-н гал команд нь анх 43 нэгжтэй, гал унтраах машин техник, бүхий улсын хэмжээний дунд зэргийн хүчин чадалтайгаар анх байгуулагдсан түүхтэй.

            Цаашид Орхон аймаг Баян-Өндөр сумын гэр хороолол өргөжин тэлж, хүн амын сууршилт нягтрал нэмэгдэж гал түймрийн тоо нэмэгдэхтэй холбогдуулан Монгол улсын “Гал унтраах ангийн зэрэглэл” MNS:5108:2001 стандартын дагуу гал унтраах 3 дугаар зэрэглэлтэйгээр 2006 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн Онцгой байдлын хэлтсийн даргын тушаалаар 32 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр Гал унтраах 56 дугаар ангиас салбарлан үүрэг гүйцэтгэн ажлын гараагаа эхэлсэн түүхтэй.

Анхны Гал унтраах ангийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр салаан захирагч ахмад Дамбын Чинбат,

 1-р салаан захирагчаар ахлах дэслэгч Х.Отгонбат,

дуудлага хүлээн авагчаар ахлах ахлагч Ч.Энхтүвшин,

1 дүгээр тэрэгний жолоочоор ахлах ахлагч Ч.Гансүх,

 ТСВ-автомашины жолоочоор ахлах ахлагч Т.Намхайдэмид,

гал сөнөөгчөөр ахлах ахлагч Б.Эрдэнэбаяр, ахлагч Ц.Баасанхүү, ахлагч Ц.Баасанхүү дэд ахлагч Х.Баатарзориг, дэд ахлагч Н.Батням,

2-р салаан захирагчаар ахмад Ж.Буян-Эрдэнэ дуудлага хүлээн авагчаар дэд ахлагч Д.Мэнджаргал

 1 дүгээр тэрэгний жолоочоор ахлах ахлагч Ц.Батболд,

 ТСВ-автомашины жолоочоор дэд ахлагч Я.Амгалан,

гал сөнөөгчөөр дэд ахлагч Б.Ганбаатар дэд ахлагч Д.Цэрэн-Очир дэд ахлагч С.Батжаргал,

 3-р салаан захирагчаар ахлах ахлагч Ц.Ганзориг

 дуудлага хүлээн авагчаар дэд ахлагч Г.Нарантуяа 

1 дүгээр тэрэгний жолоочоор ахлах ахлагч Б.Гантулга,

ТСВ-автомашины жолоочоор ахлах ахлагч Ч.Энхжав,

гал сөнөөгчөөр ахлах ахлагч А.Түмэн-Аюуш дэд ахлагч Б.Баянмөнх  дэд ахлагч Б.Бат-Ирээдүй,  дэд ахлагч  Б.Отгонбаяр нар томилогдон үүрэг гүйцэтгэж байсан байна. 

Улмаар ОБЕГ-ын даргын 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/434 тоот тушаалаар ангийн захирагч –1, салааны захирагч-4, механик жолооч-1, дуудлага хүлээн авагч-4, гал унтраах автомашины жолооч-8, аврагч-гал сөнөөгч-16нийт 34 алба хаагчийн бүтэц орон тоотойгоор батлагдан.

Мөн  Монгол улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 80 дугаар тогтоолоор Баян-Өндөр сум дахь Гал унтраах, Аврах 2 дугаар зэрэглэлийн  анги болж бүтэц орон тоо, машин техникийн хүчин чадал улам бэхжин, өнөөдрийн байдлаар офицер, ахлагч, үйлчлэгч нийт 30 гаруй алба хаагчтай, гал унтраах үндсэн зориулалтын автомашин, аврах ажиллагааны зориулалттай автомашин, бусад техник тоног төхөөрөмж багаж зэвсэглэмжтэйгээр Баян-Өндөр сумын гэр хорооллын 10-н багийн 9972 мянган айл өрх, 38.538мянган хүн ам, 186 байгууллага, аж ахуй нэгжид гал, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, авран, хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж ирсэн. 

Ажиллах хугацаандаа: гэр хорооллын нутаг дэвсгэрт нийт 600 гаруй гал түймрийн дуудлагаар ажиллаж иргэдийн 7 тэрбум төгрөгний эд хөрөнгө авран хамгаалж 10 гаруй иргэний амь насыг аварч тактик, техникийн ямар нэгэн алдаа дутагдалгүй ажилласан байна.

Мөн Жил бүр орон нутгийн гэр хорооллын иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэх тэмцэх чиглэлээр аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу гэр хорооллын инжинерийн зориулалтаар хийгдсэн болон байгалийн гуу жалга цэвэрлэх, сэргээн засварлах, шинээр хийх ажлуудыг аймгийн Хотын захирагчийн албатай хамтран хэрэгжүүлж ирсэн нь үр дүнтэй ажил болж байна.

Орон нутгийн хэмжээнд тохиолдсон үерийн гамшиг осол дээр чанартай сайн ажиллаж урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй хийснээр сүүлийн жилүүдэд үерийн гамшиг ослын дуудлагын тоо багассан нь үр дүнтэй ажил болсон.

Мөн 2018 оны 02 сард Жаргалант сумд гарсан мал амьтны Шүлхий өвчинтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд сар гаруй алба хаагчдыг хяналтын цэгт 24 цагаар үүрэг гүйцэтгүүлэн ажилласан нь дахин шилхий өвчиг гарахаас урьдчилан сэргийлсэн эрчимтэй ажил болсон. 

         Гал түймэр унтраах, аврах 81-р ангийн түүхэн 10 жилийн хугацаанд удирдаж байсан дарга нар: анхны ангийн захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр ахмад Д.Чинбат, ОБЕГ-ын даргын тушаалаар ангийн захирагчаар ахмад Ё.Одонбаатар, хошууч Ш.Баасандорж, хошууч Ж.Буян-Эрдэнэ нар удирдан байжээ.

Тус Гал түймэр унтраах, аврах анги үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг угтаж ангийн өнгө үзэмжийг сайжруулах, алба хаагчдын ажиллах, суралцах орчинг нэмэгдүүлэх, ажлын байрны ая тухтай орчинг бүрдүүлэх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах, ажлын байрны эрүүл ахуйг сайжруулах зорилгоор 27 заалт бүхий хийх ажлын төлөвлөгөө гарган Онцгой байдлын газрын даргаар батлуулан хэрэгжүүлэн ажиллаж ирсэн.

               Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ангийн гадна жагсаалын талбай шинээр хийх ажлыг зургийг аймгийн “Хот байгуулалт, Барилга захиалагчийн алба” ОНӨҮГ-аар мэргэжлийн зураг, төсөвчнөөр хийлгэж 2018 оны төсөвт тусгуулан 37,100,000 төгрөг батлуулж 2018 оны 06 дугаар сараас орон нутгийн барилга захиалагчийн албанаас тендер зарлаж ангийн гадна жагсаалын талбайн ажлыг “Скоп форс” ХХК-аар бүрэн хийлгэж  дууссан. 

ОРХОН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН  ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ,АВРАХ 68 ДУГААР АНГИ

   Орхон аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 68 дугаар анги нь хүн ам олноороо суурьшиж гэр хороолол өргөжин тэлж байгаатай холбогдуулаад төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор  Засгийн газрын 2017 оны 192 дугаар тогтоолыг үндэслэн, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/73 дугаар тушаалаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын  Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт  анх байгуулагдсан.

Онцгой байдлын ерөнхий газрын  даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/471 дүгээр тушаалаар  бүтэц орон тоонд өөрчлөлт орж ,  ангийн захирагч, салааны захирагч, механик  жолооч, нярав, багны засварчин, гал унтраах авто машины жолооч, аврагч-гал сөнөөгч,  оператор зэрэг албан  хаагчтай,  үнсэн албаны Камаз АЦ-40 15-04 орх гал унтраах авто машин, туслах албаны ариутгалын Форланд 45-11 ора авто машин, албаны 12х7 хэмжээтэй сендевчин байр, 12х16-ийн хэмжээтэй 3 машины сендевчин граж зэрэг үндсэн хөрөнгөтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж, Эрдэнэ, Яргуйт, Уртын гол багийн Баян талын хэсгийг хариуцан гал,гамшгийн  аюулаас урьдчилан сэргийлэх ,авран хамгаалах,  үндсэн чиг  үүрэгтэйгээр үүл ажиллагаагаа явуулж байна.

ОРХОН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 58 ДУГААР АНГИ

Орхон аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах  58 дугаар анги нь анх БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэртэй байгуулсан гэрээний дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын 1978.6.01-ний өдрийн 296 дугаар тушаалаар “Военизированная пожарная охрана” буюу “Цэрэгжсэн гал бригад” нэртэйгээр анх 1978 оны 12-р сарын 01-ний өдөр анх байгуулагдаж анхны даргаар нь ахлах дэслэгч О.Жадамбаа томилогдон салааны захирагч, дуудлага хүлээн авагч, гал унтраах автомашины жолооч, гал сөнөөгч зэрэг 26 хүний бүрэлдэхүүнтэй,  ПМЗ-63 а, ЗИЛ-130  ПНУ-40 гал унтраах үндсэн албаны 3 автомашин, 4 автомашины граж бүхий 70 м2 угсармал нэг давхар контор, сургалтын цамхаг, сургалтын полигон, төв бойлер, бохир ус цэвэршүүлэх станц зэрэг үндсэн хөрөнгөтэй, уулын баяжуулах  Эрдэнэт үйлдвэрийн цех хэсгүүдийг галын аюулгүй байдлыг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үндсэн үүрэгтэйгээр байгуулагдсан.

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 1 дүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын алба байгуулагдсанаар албаны чиг үүрэг өөрчлөгдөн гал түймэр унтраах, аврах анги болж өргөжсөн.

Мөн  2016 онд шинэчлэн найруулагдсан Зэвсэгт хүчний тухай хуулийн  дагуу тус алба нь Зэвсэгт хүчний жанжин штабын харъяанд шилжиж цэргийн дүрэм, норм, нормативаар ажиллах болсон.

Бидний эрхэм зорилго: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний эд хөрөнгө, хүрээлэн буй орчинг болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны оролцоог хангах, хүч хэрэгслийн чадавхийг нэмэгдүүлэх замаар ажилтан, албан хаагчдын аюулгүй амьдрах таатай нөхцлийг бүрдүүлж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийн процессын тогтвортой  аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ.

Үйл ажиллагааны чиглэл:

  1. Гамшгаас хамгаалах хууль, эрхзүй, бодлогын баримт бичгийг мөрдүүлэх, гал түймрийн аюулгүй байдлыг хангах, хяналтыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, гал түймэртэй тэмцэх ажиллагааг мэргэжлийн удирдлага, зохицуулалтаар хангаж, гал түймрийн аюулаас сэргийлэх.
  2. Гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааг дээшлүүлж, ажилтан албан хаагчдад аюулгүй амьдрах ухааны соёлыг төлөвшүүлж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг бүх түвшинд нэмэгдүүлэх.
  3. Албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, хүч хэрэгслийг чадавхижуулах, эрсдэл эмзэг байдлыг бууруулах замаар гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний аюулыг бууруулах, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чадвахийг бэхжүүлэх.
  4. Алба хаагчдын чадамжийг бэхжүүлэх.

Түүхт хугацаандаа бид бүхэн дараах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулан олон нийтэд сурталчилан таниулан ажиллалаа. Үүнд:

  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний цех хэсгүүдийн гамшгаас хамгаалах бүлгэмийг хамруулан, гамшгаас хамгаалах ур чадвар олгох зорилго бүхий  “Алтан бамбай” тэмцээнийг 2006 оноос эхлэн зохион байгуулан ажиллаж байна. Тэмцээнийг анх тус ангийн санаачлагаар үйлдвэрийн залуучуудын холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулан ажиллаж байсан бол, одоо “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтэстэй хамтран зохион байгуулан ажилласаар 10 жил болж байна.
  • Онцгой байдлыг албаар эх оронч үзлийг сурталчилах зорилго бүхий яруу найргийн “Соёмбо” тэмцээнийг 2014 оноос эхлэн зохион байгуулан ажиллаж байна.
  • Алба хаагчдын ажил мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор Орхон аймгийн Онцгой байдлын газрын салаадуудын дунд зохион байгуулдаг “Тулах цэг” тэмцээнийг 2015 оноос эхлэн зохион байгуулан ажиллаж байна.
  •  Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч байгуулагдсаны өдрийг тохиолдуулан нийгмийн сайн сайхныг дэмжих сайн үйлсийн “Хариу нэхээгүй тус” аяныг 2016 оноос эхлэн зохион байгуулан ажиллаж байна.

Гэрээт гал түймэр унтраах, аврах  58 дугаар анги нь :

  • 1983 онд цэргийн гавъяаны улаан тугийн одонт гал унтраах анги,
  • 1997 оны тэргүүний гал унтраах анги,
  • 2012 оны цэргийн алдар алтан медальт анги,
  • Тус ангиас гал унтраах техникийн олон төрөлтөд спортын  анхны ууган мастер олон улсын хэмжээний мастер бэлтгэл хошууч Б.Дашзэвэг, олон улсын хэмжээний мастер, ахлах ахлагч Ж.Болдбаатар, олон улсын хэмжээний мастер, ахлах ахлагч Г.Наранхүү, олон улсын хэмжээний мастер Г.Баттөгс нар төрөн гарч, тус анги нь гал унтраах техникийн олон төрөлт спортын төрлөөр нийт 14 спортын мастерыг төрүүлэн гаргасан байна.  Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аваргаас 1993, 2006, 2018 онуудад хүрэл медаль хүртсэн.  
  • Тус ангиас ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү,  Налайх дүүргийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баттөгс, Булган аймгийн онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Г.Баасандорж зэрэг салбартаа тэргүүлэгч нар төрөн гарсан.  
  • Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн анхны ангийн захирагч, дэд хурандаа О.Жадамба нь аймгийн арслан, удаах ангийн захирагч, хурандаа С.Мөнхбат нь сумын арслан,  тус ангийг 2015-2016 онд удирдаж байсан ангийн захирагч, хошууч Н.Баясгалан нь Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч, тус ангийг 2017 оноос эхлэн удирдан ажиллаж буй ангийн захирагч, ахмад А.Отгонбаяр нь  2018 оны powerlift-ийн ази тивийн аварга гэх мэт бахдам сайхан амжилттай удирдлага бүхий хамт олон.
  • Мөн тус ангиас  “Монгол улсын тэргүүний уран сайханч” О.Түмэн-Өлзий, Г.Одгэрэл, “Соёлын тэргүүний ажилтан” анхны дуудлага хүлээн авагч Б.Тоохүү, гал сөнөөгч, ахлагч Ж.Эрдэнэбаяр, гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Даваасүрэн, ТВ-9 телевизээс орон даяар зохион байгуулсан цэргийн дууны “Үл тасрах аялгуу” реалити шоуны дэд байрын шагналт, ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Х.Цэрэндаш,  “Соёлын алдар алтан медаль”-т салааны захирагчийн туслах ахлах ахлагч Д.Даваадорж нар төрөн гарсан.  
  • Түүнчлэн тус ангиас “Байлдааны гавъяаны улаан тугийн одон”-т 3 албан хаагч, “Алтан гадас”-т 1 алба хаагч, “Байлдааны гавъяаны одон”-т 2 албан хаагч, “Цэргийн хүндэт тэмдэг”-т 14 алба хаагч, “Хөдөлмөрийн хүндэт тэмдэг”-т 1 ажилтан, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний “Хөдөлмөрийн аварга” 3 тус тус төрөн гарсан бахдам амжилтаар бид бүхэн ажиллаж байна.